Bloomberg: Технологийн компаниудын 2016 оны төлөв
“Alibaba”, “Tencent” зэрэг БНХАУ-ын томоохон компаниуд энэ онд нэгдэн нийлэх ажиллагааг идэвхтэй явуулсан нь 2015 оныг худалдан авалтаар дүүрэн жил байхад томоохон түлхэц боллоо. Үүнээс гадна БНСУ-ын “Samsung Electronics” компани энэ онд нумарсан ирмэгтэй “Galaxy S6 Edge” ухаалаг гар утсаа танилцуулсан нь хөдөлгөөнт төхөөрөмж илүү уян хатан, бүр "нугардаг" болох чиглэлд явж байгаагийн илэрхийлэл болсон юм. Хэдийгээр санхүүгийн нөхцөл байдал нь тааруу байгаа ч шинэ удирдлагатай болсон “Samsung Electronics” ирэх онд "нугардаг гар утсыг" зах зээлд гаргана гэж “Bloomberg” таамаглаж байна.
Түүнчлэн “Samsung Electronics”, “Sony”, “HTC” корпорациуд “Facebook”-ийн “Oculus Rift” баяжуулсан дүрслэлийн төхөөрөмжийг ашиглан видео тоглоомын зах зээлд хүч түрэн орох төлөвтэй байна. “Facebook” өнгөрсөн онд “Oculus” компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авсан юм. Ингэснээр “Oculus”-ийн технологийг техник хангамжийн бусад компаниудад хэрэглүүлэх боломж бүрджээ.
Түүнчлэн Азийн компаниуд АНУ-ын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргадаг хандлага ирэх онд үлдэхгүй байж магадгүй байна. БНХАУ-ын Засгийн газар тус улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахыг хориглоод байсан бол ирэх оноос “IPO” гаргах боломж нээгдэж байгаа аж. 2013 онд нэг ч компани БНХАУ-д хувьцаагаа анхдагч зах зээлд гаргаагүй бол 2014 онд 125 компани, энэ онд 207 компани IPO гаргасан байна. Тиймээс технологийн шинэхэн компаниуд хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд АНУ-ыг биш БНХАУ-ын зах зээлийг зорих төлөвтэй байна.
“Samsung Electronics” компани БНСУ-д 14.3 тэрбум ам.долларын хагас дамжуулагчийн үйлдвэрээ байгуулахаар болжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг ч томоохон компаниуд ихээр сонирхох болсон юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дотоодын технологийн компаниудыг үйл ажиллагаагаа тэлэхийг уриалж байгаатай зэрэгцээд “Tsinghua Unigroup” болон “China Resources Holdings” хагас дамжуулагчийн үйлдвэр худалдан авах магадлал өндөр байна.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com