“Apple"-ийн орлого сүүлийн 10 жилд анх удаа буурлаа
“Apple” компанийн I улирлын орлого 13 хувиар буурч, 50.6 тэрбум ам.доллар руу унаснаар сүүлийн 10 жилийн хугацаанд улирлын орлого нь анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү тус компанийн орлого буурахад “iPhone” гар утасны борлуулалт 16 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. “Qualcomm”-ийн тооцооллоор дан ганц “iPhone” гэлтгүй ухаалаг гар утасны эрэлт буурч байгаа ажээ. Тухайлбал энэ онд ухаалаг гар утасны борлуулалтын өсөлт 7 хувь буюу салбарын түүхэн дэх доод түвшин рүү буух хүлээлттэй байна. Гар утасны эрэлт буурснаар нэг жилийн хугацаанд “Apple”-ийн хувьцааны ханш 20 шахам хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 579 тэрбум ам.доллар болжээ. Хэдий тийм боловч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани хэвээр байна. Компанийн үндсэн бизнесийн орлого буурч эхэлснээр “Apple”-ийн удирдлага виртуал орчны төхөөрөмж, автомат жолоодлоготой машин, телевизийн үйлчилгээ зэрэг хэд хэдэн салбарт эрчимтэй судалгаа хийх болжээ. Гэхдээ “Apple” бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ чандлан нууцалдаг тул зах зээлд хэзээ шинэ бүтээгдэхүүн гаргахыг урьдчилан хэлэхэд бэрх байна. “iPhone”-ийн ээлжит загвараа танилцуулах хүртэл таван сарын хугацаа үлдсэн ч тус компани бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмсээр байгаа юм. Тухайлбал гуравдугаар сард “iPhone SE” нэртэй Энэтхэг, БНХАУ, Монгол зэрэг хөгжиж буй зах зээлд зориулсан гар утас худалдаанд гаргаад байна. Гэхдээ 399 ам.доллараар худалдаалагдаж буй энэхүү загвар “iPhone”-ийн борлуулалтад сөргөөр нөлөөлж, үнийн жишгийг буулгах эрсдэлтэй гэж “Qualcomm”-ийн шинжээчид дүгнэжээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com