"Apple” болон “Samsung”-ийн хооронд үүсээд байсан патентийн маргааныг “Samsung”-ийн талд шийдвэрлэжээ
“Apple” компани болон “Samsung” компаниудын хооронд үүсээд байсан патентийн маргааныг “Samsung” компанийн талд шийдвэрлэснээр “Apple” компани хилийн чанадад үйлдвэрлэдэг зарим бүтээгдэхүүнээ АНУ руу импортлох боломжгүй болсон байна. АНУ-ын Олон улсын худалдааны комиссийн шийдвэрийн дагуу “Apple” компанийн “AT&T” үүрэн телефоны операторт зориулан хийдэг “iPhone 4”, “iPhone 3GS” зэрэг төхөөрөмжүүдийн борлуулалтыг хоригложээ. Энэ нь “Apple” компанийн бүтээгдэхүүнийг хориглосон анхны тохиолдол боллоо. Гэхдээ уг хоригийг эцэслэн шийдвэрлэх эрх АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад байгаа ажээ. Уг хэргийг Ерөнхийлөгчийн түвшинд шалгах шүүх ажиллагаа 60 хоног үргэлжилнэ. Эцсийн шийдвэр гартал Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнээ хэвийн байдлаар импортолсон хэвээр байх эрхтэй юм. Сүлжээгээр мэдээ хүлээн авах технологийн лицензийг хөгжүүлэхэд “Samsung” компани хувь нэмрээ оруулсан гэх үндэслэлийн дагуу “Samsung” компани “Apple”-ийг шүүхэд дуудсан юм. “Samsung” компани “Apple” компанийн борлуулсан “iPhone” болон дата эрхтэй “iPad” тутмын үнийн 2.4 хувийг патентийн төлбөрт төлөхийг шаарджээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд эцэслэсэн санхүүгийн жилд “Apple” компанийн “iPhone” утасны борлуулалт 78.7 тэрбум ам.доллар байсан нь “Apple” компанийн орлогын 50 хувийг эзэлж байгаа ажээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com