59 сургуулийн хичээл эхлэх цаг өөрчлөгдлөө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их тойруу болон Яармагт байрлалтай Төрийн болон Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 21-ний өдрөөс өөрчлөхөөр боллоо.
21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07.45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08.15 байхаар тогтсон байна. Харин нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Боловсролын газраас хийсэн судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн 25.7 хувь нь хувийн автомашин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Тиймээс эдгээр сургуулиудаас хамгийн олон сурагч хувийн автомашин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамруулахаар болжээ.
Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжид цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөлөө.
Тухайлбал: хүүхдийнх нь хичээл 09.00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10.00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com