5.7 инчийн дэлгэцтэй “Galaxy S6 Edge+” утас ирэх баасан гарагт худалдаанд гарна
Ухаалаг утасны салбарт тэргүүлэгчдийн нэг “Samsung Electronics” компани (5930:KS) “Galaxy S6 Edge+” болон “Galaxy Note 5” маркийн ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. Энэхүү 5.7 инчийн дэлгэцтэй загваруудыг хар, цагаан, алтлаг, мөнгөлөг гэсэн 4 өнгөний сонголттойгоор 8-р сарын 21-нээс худалдаалж эхлэх юм. Томоохон шинэчлэлээс дурдвал камерын дэргэдэх нэмэлт товчлуурын тусламжтай 1080 пикселийн нягтралтай “Full HD” бичлэгийг “YouTube"-ээр шууд дамжуулах боломж бүрджээ.
“Galaxy S6 Edge+” нь өмнөх загвараас том дэлгэцтэйгээс гадна харьцангуй нимгэн бүтээгдсэн байгаа. Түүнчлэн түлхүү хэрэглэдэг аппликейшнээ хурдан нээх "app Edge" функцыг нэмжээ. Харин “Galaxy Note 5”-ийн тухайд ажил хэргийн зориулалтаар ашиглахад тохиромжтой тусгай үзэг дагалдахаас гадна металл хүрээ, шилэн гадаргатай хийснээр илүү тансаг дүр төрхтэй болсон байна. Гэхдээ маркетингийн шалтгааны улмаас Европт худалдаанд гаргахгүй гэж мэдэгдсэн юм.
Бас нэгэн шинэ мэдээ нь "Samsung Pay" ухаалаг төлбөр тооцооллын системийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. “Apple Pay”-тэй төстэй энэ үйлчилгээ 8-р сарын 20-оос Өмнөд Солонгост ашиглагдаж эхлэх юм. Харин АНУ-ын зах зээлд 9-р сард нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
“Samsung”-ийн ашиг өнгөрсөн 5 сарын турш дараалан унаад байгаа. Шинжээчид Хятадын компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдсэнээс гадна гол өрсөлдөгч “Apple” том дэлгэцтэй “iPhone” үйлдвэрлэх болсноор эрэлт буурч байна гэж үзсэн юм.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com