41 мянган иргэний ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох шийдвэрийг нэмэлт журамд оруулжээ
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт 494.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргажээ. Үүнээс 25 хувь нь тав хүртэл жилээр, 75 хувь нь 5-11 хүртэл жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон гэж Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ. Ингэснээр нийт 77.5 мянган иргэний ажилласан хугацаа нэмэгдэж, тэтгэврийн нэмэгдэлд 25.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Үүнээс гадна дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулах болжээ. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээлснээр, 1991-1994 онд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, мөн 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон нийт 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг долоо хүртэл жилээр нэмэгдүүлэн тооцох шийдвэрийг нэмэлт журамд оруулсан байна. Түүнчлэн ажилласан хугацааг нөхөн тооцох бүртгэл ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болжээ. Энэ хугацаанд үүнд хамрагдах иргэд баталгаажуулалтаа хийлгэсний дараа нэмэгдлийг тооцохоор болсон байна. Гэхдээ энэ жил судалгаа хийгдээгүй байгаа мөн 2014 оны төсөв батлагдсан учраас нэмэгдлийг тооцож олгох ажлыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com