2020 ОН ГЭХЭД БЕТОНЫ ХЭРЭГЦЭЭ 1.5-2.5 ДАХИН ӨСНӨ
2020 он гэхэд бетоны хэрэгцээ 1.5-2.5 дахин өсч, 5.9-9.6 сая метр куб-д хүрэх тооцоог салбарын холбоод гаргасан байна. Энэ нь орон сууцны нийлүүлэлт, дэд бүтцийн төслүүд, нийгмийн зориулалттай барилгын эрэлтээр тайлбарлагдаж байна. Мөн 2030 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг орчин үеийн тохилог орон сууцаар хангах зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа юм. Монгол Улсад бетон зуурмаг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 108 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод 72 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ. Гэхдээ ихэнх үйлдвэрүүд барилгын компаниудын дэргэд байгуулагдаж, зах зээлд бүтээгдэхүүнээ шууд нийлүүлдэггүй болохыг судалгаанд харуулжээ. Үйлдвэрүүдийн хувьд 65 хувь нь Монгол, 25 хувь нь БНХАУ, 7 хувь нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалтыг дагаад бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүдийн тоо хэлбэлзэж байгааг судалгаагаар тогтоожээ. 2012 онд хамгийн олон буюу 25 үйлдвэр ашиглалтад орсон бол 2014 онд хоёр болж эрс цөөрсөн байна. 2013 оны байдлаар үйлдвэрлэсэн бетон зуурмагийн хэмжээгээр premium concrete тэргүүлж байсан бол үүний араас Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ремикон” ХК удаалж байжээ. Мөн өнгөрсөн онд “Мерекс” ХК цагт 150 метр куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр анх удаа олон нийтэд үнэт цаас санал болгосны дараа хоёрдогч зах зээлд хувьцаагаа арилжаалж байна. Өнгөрсөн долоо хоногт “МАК” компани 155 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар евро стандартын шинэ үйлдвэр ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын бетоны жилийн хэрэглээний гуравны нэгийг дангаараа хангах буюу 270 мянган метр куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Евро стандартаар байгуулсан үйлдвэр нь бүрэн автомат ажиллагаатай гэдгээрээ онцлог болохыг инженерүүд онцолж байна. Монгол Улсын барилгын салбарын хувьд 50 хувийн дулаан алдалттай байдаг бол бүтээгдэхүүний хувьд хөнгөн, дулаан алдалтыг багасгах, эрчим хүчинд хэмнэлттэй гэж үзэж байгаа юм.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com