2019 онд экспортын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх бодит эрсдэл байна гэж эдийн засагчид анхааруулав
Ирэх онд экспортын болон төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бодитой оршиж байгаа гэж "Bloomberg TV Mongolia"-ийн дэргэдэх эдийн засагчдын клубийн шинжээчид үзэж байна.
Үүнд гол экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш, хилийн боомтын нөхцөл байдал голлон нөлөөлнө гэж онцолж байгаа юм. Тиймээс төсвийн орлого талаас дэд бүтцийн шинж чанартай асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын талтай яриа, хэлцэлд хүрч боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийг шуурхай болгох, хоёр дахь том боомт байгуулахад онцгой хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж зөвлөж байгаа юм.
Шинжээчид 2019 онд нүүрсний үнэ ойролцоогоор тонн тутамд 14 ам.доллароор буурна гэж үзэж байна
11 дүгээр сард 2.5 сая тонн нүүрс экспортолсон нь сүүлийн есөн сарын хамгийн бага дүн болж байна. Үүнд БНХАУ-ын талаас хийсэн боомтын шинэчлэлтэй холбоотой түр зогсолт голлон нөлөөлжээ. Мөн нэг тонн нүүрсний үнийн төлөвийг Дэлхийн банк, “Bloomberg”, “Bree” байгууллагууд бууруулж тооцож байна. Шинжээчдийн үзэж байгаагаар нүүрсний үнэ 2019 онд ойролцоогоор тонн тутамд 14 ам.доллароор буурахаар байна.
Харин төсвийн зарлага тал дээр төсвийн хөрөнгө оруулалтын зардлын тал орчим хувь импортод шилжих эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс импортын өсөлт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх цаг хугацааг тараан байршуулах байдлаар төсвийн зарлагыг анхаарах санал гаргасан юм.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com