ҮСХ: XII сарын эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл ₮20.9 их наяд болж, 21.3 хувиар өссөн
2021 оны 12 дугаар сард нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.9 их наяд төгрөг болж, 2020 оны мөн үеэс 21.3 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 47.0 хувийг хувийн байгууллагын зээл эзэлжээ.
Цар тахлын үед зээл олголт эрс буурч, эдийн засгийн идэвхжил саарсан байна. Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр 2021 оны I улирлаас зээл олголт нэмэгдэж эхэлжээ.
10 их наядын хөтөлбөр богино болон дунд хугацаандаа банкны салбарын өсөлтийг хангах гол хүчин зүйл болно гэж “Fitch” үзээд байсан юм. 2022 болон 2023 онд зээл олголт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг Монголбанк мэдээлж байв. Мөн зээлийн өсөлт 2021 оны түвшинд тогтворжих хүлээлттэй байгаа юм.
Тайлант хугацаанд хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.5 хувийг эзэлж, 17.9 их наяд төгрөг болсон байна. Энэ нь 2020 оны мөн үеэс 4.6 нэгж хувиар өссөн дүн боллоо.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 26.1 хувиар буурч, 938.1 тэрбум төгрөг болсон байна.
Чанаргүй зээлийн хувьд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.0 хувийг эзэлж, 2020 оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурчээ.
Б.Юмжир | @b_yumjir
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com