ҮСХ: XII сард Улаанбаатар хотын инфляц 14.8 хувь болов
Хэрэглээний үнийн индекс 2021 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувиар өслөө. Инфляц нийслэлд 2014 оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.
Тайлант сард хүнсний бүлийн үнэ 22.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал: Улаанбаатар хотод худалдаалагдаж буй нэг кг үхрийн цул махны үнэ 12 дугаар сард 15 мянга 430 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар өссөн байна. Харин 2018 оны мөн үеэс 54.3 хувиар өсжээ.
Харин нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2196 төгрөг болж, 2019 оны мөн үеэс 19.6 хувиар, 2020 оны мөн үеэс 53.3 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд инфляц 13.4 хувь болоод байгаа юм.
Нийлүүлэлтийн шинжтэй, мөн цөөн барааны үнийн өсөлтөөс инфляц эрчимжиж байгаа тул Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй гэж мэдээлж байв. Мөн шаардлагатай гэж үзвэл мөнгөний зөөлөн бодлогоо цаашид үргэлжлүүлнэ гэсэн юм.
Хэдий тийм боловч 2022 оны эхний улиралд инфляцын түвшин ямар байх нь Төв банкны мөнгөний бодлогын шийдвэрт илүү нөлөөлөх төлөвтэй байна.
Монголбанкны хувьд 2022 оны сүүлийн хагаст инфляц зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувь руу орно гэсэн хүлээлттэй байгаа юм.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com