Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн хэрэглээ сэргэж байна
Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн хэрэглээ сэргэж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцоо болон улс, орон нутгийн төсөвт төлөгдөх татвар хураамжийг төгрөгөөр гүйцэтгэх хандлага нэмэгдэж байгаа нь гадаад валютын зохиомол эрэлтийг бууруулж, ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарахад эерэг нөлөө үзүүлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос онцолж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх хуулийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан татварын тухай хуулиудад татвар, хураамжийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэх өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хураамжид жилд 40 сая ам доллар, гаалийн онцгой албан татварт 140 сая ам.доллартай тэнцэх татвар хураамж ногдуулдаг. Мөн аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээнийхээ үнэ, тариф, төлбөр тооцоог гадаад валютаар илэрхийлэн гүйцэтгэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлд арилжааны банкуудын гадаад валютын зээл олгох сонирхол нөлөөлдөг гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна. Тайлангаас харахад арилжааны банкууд эхний 11 сарын байдлаар гурван тэрбум гаруй ам.долларын зээл олгожээ. Тиймээс гадаад валютын зээлийн зориулалтыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх саналыг тус хорооноос Монголбанкинд хүргүүлсэн байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com