Эрчим хүч үйлдвэрлэгчдэд 80 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо
Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ. Монголбанкнаас эрчим хүч үйлдвэрлэгч 23 аж ахуйн нэгжид ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангахад зориулан 80 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгохоор болсон байна. Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, энэхүү санхүүжилт гурван жилийн хугацаатай, 4.5 хувийн хүүтэй байх ажээ. Уг зээлийг арилжааны таван банкаар дамжуулан, эрчим хүч үйлдвэрлэгч болон түгээх, дамжуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд олгох юм байна. Ингэхдээ эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцуудад 8-24 тэрбум төгрөгийг хуваарилж олгохоор болсон бол харин түгээх, дамжуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арай бага хэмжээгээр хуваарилахаар болжээ. Тухайлбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөөд байгаа тухай Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Өнгөрсөн сарын эхний байдлаар, Монгол Улсын эрчим хүчний салбарын ирэх өвлийн бэлтгэл ажил 43.7 хувьтай байгаа ажээ. Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаагаар, өвлийн бэлтгэл ажлыг хангахад зориулан 80 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгохоор болсон нь өвөлжилтийн бэлтгэлийг хангахаас гадна, эрчим хүч үйлдвэрлэгч компаниудад нүүрсний нөөцийг бүрдүүлэх, мөн үнэ тарифыг тогтвортой түвшинд барих чухал ач холбогдолтой юм байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих:dulamkhorloo.b@bloombergtvmongolia.mn
minjma.g@bloombergtvmongolia.mn