Энэ онд 52 мянган иргэн шинээр “ажилтай болсон” байна
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн идэвхтэй 1.1 сая иргэн байгаагийн 89 мянга нь хөдөлмөр эрхлээгүй байгаа аж. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн дотор 150 мянган ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний дагуу 2013 онд 49 мянган иргэнийг ажилтай болгохоор төлөвлөсөн бөгөөд энэхүү зорилт бүрэн биелж, шинээр 52 мянган хүн ажилтай болсон гэж холбогдох газраас мэдээллээ. Түүнчлэн ирэх онд энэ хэмжээг буулгахгүй байх зорилт тавьж, мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх, арван мянган оюутныг түр ажлын байраар хангах, цагийн ажлын систем нэвтрүүлэхээс гадна 40-өөс дээш настай болон тэтгэвэрт гарсан ахмадуудад тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон. Үүнээс гадна иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг дэмжихээр Сум хөгжүүлэх санд энэ онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан нь нэг суманд 150 саяас доошгүй төгрөгийн хөрөнгө оруулалт болж байгаа аж. Тус сангаас энэ онд 7486 төсөлд зээл олгосноор 20 шахам мянган ажлын байр шинээр бүртгэгджээ.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com