ЭМЯ: COVID-19-ийн “Omicron” хувилбараар өвчилсөн 12 тохиолдол батлагдсан
Нэгдүгээр сарын долооны өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 773 тохиолдол батлагдсан байна. Монгол Улсад “Omicron” хувилбараар өвчилсөн 12 тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Турк, Тайландаас ирсэн групп аялагчдаас тус бүр нэг, мөн Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас 10 тохиолдол бүртгэгджээ. 12 дугаар сарын 19-нд Суданаас ирсэн 244 энхийг сахиулагчаас 231-ийнх нь хариу “Эерэг” гараад байгаа аж. Тэднийг 14 хоног тусгаарлан, эмнэлгээс гаргаад байгааг Эрүүл мэндийн яам онцлов.
Сүүлийн 24 цагт нийслэлд COVID-19-ийн халдварын 597, орон нутагт 143, зөөвөрлөгдсөн 33 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 393 мянга 532 боллоо.
Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог E-Mongolia-ийн мэдээллээр “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол хоногт 2001-ээр нэмэгдэж, 699 мянга 811 болоод байна.
Сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас нэг хүн нас баржээ. COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2068 хүн эндээд байна. Улсын хэмжээнд COVID-19-өөр өвчилсөн 3207 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 6737 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Баасан гарагийн байдлаар улсын хэмжээнд 929 мянга 705 хүн буюу нийт хүн амын 28.6 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад байна. Өнгөрсөн нэг хоногт 3521 хүн гурав дахь тун хийлгэжээ. Улсын хэмжээнд нийт насанд хүрэгчдийн 48.3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж.
Үүнээс гадна өнөөдрөөс дөрөв дэх тунгийн вакцинжуулалт эхлүүлж байгааг Эрүүл мэндийн яам онцоллоо.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com