ЭМЯ: 515 хүнээс “Covid-19”-ийн халдвар илэрч, 7 хүн нас барлаа
Тавдугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагийн байдлаар 515 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 47 мянга 548 боллоо. Шинэ тохиолдлуудын 90 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ.
Сүүлийн нэг хоногт “Covid-19”-ийн нэн хүнд хэлбэрээр долоон иргэн нас барсан байна. “Коронавирус”-ийн халдварын шууд шалтгааны улмаас улмаас 200 хүн нас бараад байна.
Дархлаажуулалтын хувьд энэ сарын 13-ны байдлаар нийслэлийн насанд хүрсэн иргэдийн 95.7 хувь нь вакцины эхний тунд, 50 гаруй хувь хоёр дахь тунд хамрагджээ. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 85 гаруй хувь нь вакцины эхний тун хийлгэсэн байна.
Вакцинаар тогтож буй дархлаа халдварын тархалт буурахад нөлөөлж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яам онцоллоо. “Хоёр дахь тунд хамрагдсанаас 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй байгаа”-г анхааруулж байна.
“Монгол Улсад анх бүртгэгдэж байсан “коронавирус”-ийн хувилбар нь БНХАУ-д бүртгэгдэж байсан Ухань хотын хувилбартай төстэй байсан. Харин энэ нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 хэлбэр Монгол Улсад өргөн тархаад байгаа”-г Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэ нь халдварын тархалтыг ихэсгэх болон эмнэлзүйг хүндрүүлдэг төрлийн мутацийг агуулж байгаа нь тогтоогджээ. Дэлхийд өргөн тархаагүй байгаа ба одоогоор БНЭУ, Англи, Австралид бүртгэгдсэн байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com