ЭМЯ: 437 хүнээс “Covid-19”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 6332 болов
Гуравдугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 437 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 6332 боллоо.
Энэ нь нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт болж байна. Шинэ тохиолдлуудын 67 нь орон нутагт, 370 нь нийслэлд бүртгэгджээ.
Үүнээс нийслэлд “коронавирус”-ийн халдварын тохиолдол 5287 болоод байна. Байршлаар нь харвал Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт хамгийн олон тохиолдол батлагджээ. “Covid-19”-ийн халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь 0-17 насны хүүхдүүд байгаа бөгөөд 80 хувь нь нийслэлд бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээлж байсан юм.
Харин дархлаажуулалтын явцыг харвал өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 256 мянга 979 иргэн “коронавирус”-ийн эсрэг вакцины эхний тун хийлгээд байна. Вакцинд хамрагдсан иргэдийн 35.7 хувь нь 50-иас дээш насныхан байгаа ажээ. Одоогоор нөөцөд байгаа вакцин буюу БНХАУ-ын “Sinopharm” үйлдвэрийн вакциныг ашиглаж зорилтот бүлгийнхнээ дархлаажуулж байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com