ЭМЯ: Хөл хорио тогтоовол вакцинжуулалтыг эрчимжүүлнэ
Даваа гарагт Улсын онцгой комисс хуралдаж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих Эрүүл мэндийн яамны саналыг дэмжлээ. Хөл хорио тогтоох энэ саналыг лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр байна.
“Дотоодод цар тахал гарснаас хойш 12-21 хоногийн хугацаатай гурван удаа хөл хорио тогтоож байсан. Хөл хорио тогтоож байж халдварын тархцыг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ" гэж Эрүүл мэндийн сайд мэдээлж байсан юм.
Түүнчлэн хатуу хөл хорионы талаар дотоодын томоохон бизнес эрхлэгчид байр сууриа өмнө нь илэрхийлж байв. Тухайлбал: “MCS Group”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Эдийн засгийн гол ачааг үүрдэг уул уурхай, барилга, газар тариалан, ноос ноолуурыг салбарууд хаврын улиралд эрчимждэг энэ үед хатуу хөл хорио тогтоовол өвлийн үед хатуу хөл хорио тогтоосноос эдийн засагт учруулах хохирол олон дахин байх болов уу гэж бодож байна. Зөв менежментээр эдийн засгийг хохирол багатай давах боломж байна” гэж байр сууриа илэрхийлж байлаа.
Мөн “Шунхлай групп" ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан “Хөл хорионд орж сэтгэл санаа болон амьжиргаа эдийн засгаараа хорихын оронд бид “Covid-19”-ийн эсрэг илүү ухаалгаар тэмцэх хэрэгтэй болоод байна” гэж онцолж байсан юм.
Сүүлийн байдлаар “коронавирус”-ийн халдварын шинэ тохиолдлуудын 400 нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Ингэснээр нийт тохиолдлын 80 гаруй хувь буюу 6268 нь зөвхөн нийслэлд батлагджээ. 1.5 сая орчим хүн амтай нийслэл Улаанбаатарын хувьд сүүлийн таван өдөр дараалан өдөрт 200-400 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч байгаа нь нөхцөл байдал улам хүндэрч байгааг харуулж байна.
Харин дархлаажуулалтын хувьд даваа гарагийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290 мянга 108 иргэнийг вакцинд хамруулаад байгааг НЗДТГ мэдээллээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com