ЭМЯ: Сүүлийн 3 хоногт “COVID-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 100 давлаа
Хоёрдугаар сарын нэгний өдрийн 11.00 цагийн байдлаар 35 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, дотоодын халдварын тохиолдол 1306 болоод байна. Үүнээс 75 хувь нь нийслэлд бүртгэгджээ.
Сүүлийн гурав хоногт нийт 100 давсан тохиолдол илрээд байгаа юм. Улаанбаатар хотод халдварын долоон голомт идэвхтэй байж цар хүрээгээ тэлж байна. Одоогоор халдвартай хүний ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьталд 6000 гаруй хүн байгаа аж. Ялангуяа Баянзүрх дүүргийн бүх хороонд халдварын тохиолдол батлагдаад байна. Өнөөдрийн баядлаар нийслэлийн нийт тохиолдлын 50 хувь нь тус дүүрэгт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд нөхцөл байдал цаашид улам хүндрэх нь тодорхой болсныг Эрүүл мэндийн яам тодотголоо. Иймд иргэд өөрсдөө хамгаалалтын дэглэмийг хатуу сахих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг дахин анхааруулав.
Улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 1814 болоод байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com