ЭМЯ: Сүүлийн 24 цагт “коронавирус”-ийн халдварын 285 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Гуравдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 285 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5895 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Ийнхүү сүүлийн дөрвөн өдөр дараалан "Covid-19"-ийн халдварын тохиолдол 200 давж бүртгэгдээд байна. Шинэ тохиолдлуудын 267 нь нийслэлд бүртгэгдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд “коронавирус”-ийн халдварын тохиолдол 4917 хүрээд байна. Энэ нь улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын 83 хувь нь болж байгаа юм. Нийслэл хот бүхэлдээ халдварын голомт болоод байгааг Эрүүл мэндийн яам тодотгож байна.
Байршлаар нь харвал Баянзүрх дүүрэгт 1631, Сонгинохайрхан дүүрэгт 893, Баянгол дүүрэгт 805, Хан-Уул дүүрэгт 699 тохиолдол бүртгэгдээд байгаа нь тархалт хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож байна.
Харин дархлаажуулалтын хувьд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлд 237 мянга 489 хүнд вакцины эхний тунг хийгээд байна. Зургаадугаар сарын нэгэн гэхэд нэг сая иргэнийг бүрэн дархлаажуулж дуусгахаар төлөвлөснийг Эрүүл мэндийн яам мэдээлж байсан юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com