ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирус”-ийн халдварын 218 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Гуравдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагийн байдлаар 218 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5610 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Гуравдугаар сард “коронавирус”-ийн халдварын тархалтын тоо хамгийн өндөр дүнгээр бүртгэгдэж байна. Тухайлбал: сүүлийн гурван өдөр дараалан “коронавирус”-ийн халдварын тоо 200 давж бүртгэгдлээ. Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Ялангуяа халдварын тархалтын хурд эрчимжиж байгааг тодотгох нь зүйтэй юм.
Тоон үзүүлэлтийг харвал өнгөрсөн оны гуравдугаар сард дотоодын халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн юм. Үүнээс эхний 1000 тохиолдол батлагдах хүртэл есөн сар болсон бол 2000 давахад хоёр сар, нэг сар орчмын хугацаанд 3000 болж байв. Харин гуравдугаар сарын эхний 24 хоногт л гэхэд нийт 2703 тохиолдол бүртгэгдээд байна.
Өнөөдрийн шинэ тохиолдлуудын 42 нь аймаг орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж, орон нутагт бүртгэгдсэн тоо 424 болоод байна.
Үүний зэрэгцээ PCR-ийн шинжилгээний тоог цөөлж, вакцинжуулалтад илүү анхаарах бодлого баримталж эхлээд байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 232 мянга 757 хүн вакцины эхний тунг хийлгээд байгааг НЗДТГ мэдээллээ. Энэ долоо хоногт 54-өөс дээш насныхныг вакцинд хамруулах явцыг эрчимжүүлж эхлээд байна. Одоогоор Засгийн газрын шугамаар оруулж ирсэн “AstraZeneca”, “Vero Cell” вакцинд иргэдийг хамруулж байна.
Харин “Монгол эм импекс” компанийн оруулж ирсэн “Sputnik-V” вакцинаар хувийн хэвшлийнхнийг дархлаажуулж байна. “Sputnik-V” вакциныг Засгийн газрын шугамаар дөрөвдүгээр сарын эхээр 300 мянган тун оруулж ирэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com