ЭМЯ: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр “COVID-19”-ийн халдварын 26 тохиолдол илрүүлээд байна
Хоёрдугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 33 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2416 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын ес нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрсэн байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 20 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд зургаан дүүрэгт 26 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.
Хоёрдугаар сар гарсаар “COVID-19”-ийн халдварын 637 шинэ тохиолдол батлагдлаа. Өмнөх саруудтай харьцуулахад хамгийн өндөр тоогоор бүртгэгдсэн сар болж байна.
Үүнээс гадна өнөөдрөөс “коронавирус”-ийн вакциныг татан авах ажлыг эхлүүлж байгааг Ерөнхий сайд мэдээллээ. Хадгалалт, хамгаалалт хангагдсан гэж үзвэл вакцинжуулалтыг үе шаттайгаар эхлүүлэх юм. Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг өөртөө хийлгэнэ гэдгээ тодотголоо. Ингэснээр вакцин аюулгүй болон асуудалгүй гэдгийг нийт иргэдэд уриалах юм байна.
Монгол Улсын хувьд дөрвөн төрлийн вакцин татан авахаар тооцоолж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлээд байгаа юм. Эхний ээлжид “AstraZeneca”, “Pfizer”-ийн вакцинуудыг оруулна. Нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ эн тэргүүнд халдварын эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа иргэдийг дархлаажуулахаар тооцоолжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com