Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн паркийн орон тоог батлав
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог баталсан талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Эмээлтэд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор"-ыг байгуулах ажлын хүрээнд паркийн газрын хэмжээг 56.6 га талбайгаас 214 га болгон дөрөв дахин нэмэгдүүлж, гэрчилгээ олгожээ. Үүний зэрэгцээ Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм байна. Энэхүү парк нь орон сууц, үйлчилгээ, үйлдвэр, агуулах болон амралтын талбайгаас бүрдэнэ. Мөн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудыг хамруулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөж байна. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 208 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаагийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх оны нийслэлийн төсөвт суулгажээ. Харин Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулахад нийт 134.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байгаагаас 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө ирэх оны төсөвт тусгагджээ. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж дуусаад байгаа Налайх дүүрэгт баригдах тус парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог мөн баталсан байна. Харин сар гаруйн өмнө Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдаад бөгөөд паркийн хувьд барилгын материалын 21 үйлдвэрийг 120 га талбайд байгуулах боломжтой юм байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com