Шийдлийн төлөөх Азийн нэгдэл
Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалтад Азийн хоёрдогч зах зээлийн холбоонд бүртгэлтэй Монгол тэргүүтэй найман улсын ипотекийн байгууллагууд оролцож байна. Энэ дундаас Малайзын Үндэсний моргейжийн корпораци буюу “Cahamas Berhad Malaysia” нь олон улсаас татсан санхүүжилтийн хэмжээгээр холбооны гишүүн орнуудыг тэргүүлдэг байна. 30 гаруй жилийн түүхтэй энэхүү компанийг анх үндэсний хувийн хэвшлийн санаачилгаар байгуулжээ.
Харин Филиппиний үндэсний орон сууцны моргейжийн корпораци нь 1977 онд байгуулагдсан бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 2017 оны байдлаар 313.9 сая ам.доллар байна. Мөн өнгөрсөн онд 1.6 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ.
Үүнээс гадна Японд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо 60 гаруй жилийн түүхтэй, одоогийн орон сууцны санхүүжилтийн агентлаг нь Засгийн газрын орон сууцны зээлийн корпорацийн суурин дээр 2007 онд байгуулагдаж байжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газраас бүрэн санхүүждэг тус байгууллагыг Дэд бүтэц, Тээвэр, Сангийн сайд нар ахалж ажилладаг байна.
Харин Казахстаны моргейжийн компани байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд хоёрдогч зах зээлээс урт хугацаат санхүүжилт татаж арилжааны банкнуудаар дамжуулан иргэдэд моргейжийн зээл олгож байна. Казахстан улс нийслэлээ Астана руу нүүлгэн шилжүүлсний дараа шинэ хотын бүтээн байгуулалтад моргейжийн зээлийн хөтөлбөр онцгой үүрэг гүйцэтгэсэн учраас цаашид эрчимжүүлэхээр бодлого тодорхойлогчид нь зорьж байна.
О.Одгэрэл
Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com