ЦХХХЯ: Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын “CISA” сертификаттай 20 орчим хүн байна
Монгол Улсад Кибер аюулгүй байдлын тухай хууль 2022 оны тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж, томоохон өгөгдлийн дэд бүтэцтэй байгууллагуудад аюулгүй байдлын аудит хийхээр хүлээгдэж байна.
Харин энэ чиглэлд аудит хийх эрх бүхий, “CISA” сертификаттай ердөө 20 орчим хүн байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцолж байсан юм.
АНУ-д л гэхэд Ерөнхийлөгч Жо Байден компаниудыг "Кибер аюулгүй байдлаа нэн даруй бэхжүүлэхийг" уриалаад байна. Нэг сая орчим хүн ажилладаг АНУ-ын кибер аюулгүй байдлын салбарт нэмээд 600 мянган сул ажлын байр байгааг “Cyberseek” судалгааны байгууллага мэдээллээ. Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдлын салбарт ажиллах хүчний хомсдол тулгамдаад байгаа аж.
АНУ-д сул байгаа 600 мянган ажлын байрнаас 560 мянга нь хувийн секторт байна. Сүүлийн 12 сард нээлттэй ажлын байр 29 хувиар нэмэгдсэн нь 2018-2019 оны хоорондох өсөлтөөс хоёр дахин эрчимтэй өсөлт болж байгаа юм.
Хэрвээ АНУ энэ чиглэлд арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд нээлттэй ажлын байрны тоо 3.5 саяд хүрэхээр байгааг “CyberSecurity Ventures” судалгааны байгууллага тооцоолжээ.
ОХУ Украины зөрчилтэй зэрэгцээд энэ онд кибер аюулгүй байдлын салбар дундаж 16 хувиас өндөр хурдаар тэлэхээр байгаа гэж энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Trellix” компанийн Гүйцэтгэх захирал үзэж байна.
COVID-19-ийн цар тахлын дараагаас кибер халдлагад хариу үзүүлэх чадамжтай, техникийн мэдлэг чадвартай ажилтнууд олох улам хүнд болсон юм. Ажилтнууд зайнааас ажиллаж эхэлснээр цахим хэрэглээ нэмэгдэж, кибер халдлагад өртөмхий болсон байна.
Ажиллах хүчний хомсдол нь энэ салбарт төсөв зарцуулах чадамж багатай жижиг компаниуд, Төрийн байгууллагуудад хамгийн хүндээр нөлөөлж байгааг кибер аюулгүй байдлын салбарт бэлтгэл, сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Sans Institute” тодотгож байна.
Төрийн байгууллагуудын хувьд хувийн сектор шиг энэ чиглэлд төсөв зарцуулах нь бага байдаг бол жижиг компаниуд энэ чиглэлд ажилтан авдаггүй нь сул тал болдог байна.
Харин ОХУ, БНХАУ, Израил зэрэг орны хувьд Засгийн газрын түвшинд ажиллах хүчнээ бэлдэх механизмтай болсон байдаг. Мөн энэ чиглэлд ажиллах хүчин бэлдэх засгийн газрын хөтөлбөр үүсгэхээр АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзалт хийсэн талаар “Trellix” компани мэдээлээд байна.
Монгол Улсын хувьд мэдээллийн аюулгүй байдлын салбарт хүний нөөцийг мэргэшүүлэх чиглэлд “JAICA” байгууллагатай хамтарч байна. Мөн АНУ-ын Аюулгүй байдлын агентлагтай хамтын ажиллагаа эхлүүлснийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдлээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com