Цар тахлын үед эрх зүйт ёсыг сахиж, ардчиллыг хамгаалахыг баруун Европын орнууд уриалав
Баруун Европын орнууд шинэ төрлийн “коронавирус”-ийн цар тахлын эсрэг онц байдлын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа энэ үед ёс зүйтэй байхыг Засгийн газруудад хандан уриаллаа.
Хэдийгээр тодорхой улсын нэрийг дурдаагүй ч энэхүү уриалга Унгар улсад өрнөж байгаа үйл явдалтай холбоотой гэж ажиглагчид таамаглаж байна.
Даваа гарагт Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбанд "Өөрөө зүйтэй гэж үзэж байгаа бол зарлиг гарган дангаар засаглах эрх"-ийг Парламент нь олгосон юм. Өөрөөр хэлбэл тэрбээр эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх юм байна. Унгар улсын Засгийн газрыг 2010 оноос хойш 10 жил удирдаж байгаа Виктор Орбан цар тахал намжихаар шийдвэр гаргах эрхийг эргээд хууль тогтоох байгууллагад шилжүүлнэ, шинэ шийдвэр ардчилалд аюул занал учруулахгүй гэсэн тайлбар өгөөд байгаа юм.
Харин Герман, Франц, Дани зэрэг Европын Холбооны гишүүн 13 улс дэлхий нийтийг хамарсан тахлыг хамтын хүчээр, Европын орнуудын зарчим үнэт зүйлсийг алдагдуулалгүйгээр давах хэрэгтэй гэж уриаллаа. “Хүнд цаг үед эрх зүйт ёс, ардчилал, хүний үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл гарах вий" гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлээд байна.
М.Золбоо | @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com