Хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь эрчимтэй нэмэгдэж байна
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдсэн хэвээр байгаа ч 2012 оны гүйцэтгэлээр, дэд салбаруудын ерөнхий өсөлтөд үзүүлэх нөлөө багагүй өөрчлөгдсөн байна. Тухайлбал, 2012 онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг дангаараа бүрдүүлж байсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 17.7 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвараас бүрдүүлж байгаа. Хэдийгээр уг үзүүлэлт жилийн өмнөхөөс төдийлөн өөрчлөгдөөгүй ч нөлөөгөөрөө уул уурхайн салбарын араас бичигдэж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар нэлээд эрчээ авсан дүр зураг харагдаж эхэлжээ. Тодруулбал, 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 12.3 хувь байсан тус салбар 2012 онд бараг хоёр хувиар нэмэгдэж, 14.2 хувийг бүрдүүлж эхэлсэн байна. Үүнээс гадна боловсролын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 4.6 хувьд хүрч, 0.6 хувиар нэмэгдсэн нь онцлох өөрчлөлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Харин Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан дүнтэй гарсан байна. Ингэснээр Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд 4.9 сая төгрөг буюу 3300 ам.доллар байсан нь дундын доод давхаргад багтаж байгаа юм. Харин энэ онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 18.1 хувь болох тооцоолж байгаа бөгөөд 2014 он гэхэд 5300 ам.долларт хүрснээр албан ёсоор дундын дээд давхаргад багтахаар харагдаж байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: Dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com