Хятадын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт хамгийн доод хэмжээндээ хүрч буурчээ
БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар болон орон сууцны зах зээлийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт сүүлийн дөрвөн сарын хамгийн доод хэмжээндээ хүрч буурсан байна. Бээжин дэх Үндэсний Статистикийн товчооноос мэдээлснээр 11 дүгээр сард 51.4 нэгж байсан үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 12 дугаар сард 51 болж буурчээ. Харин зах зээл дэх хүлээлт үүнээс өндөр буюу 51.2 байсан байна. Гэхдээ индекс 50-иас дээш гарвал энэ нь тухайн салбар өсөлттэй байгааг илтгэдэг юм. БНХАУ-ын орон нутгийн засаг захиргааны өр нэмэгдэж, зарим хотуудад орон сууцны үнэ өсч байгаагаас банк хоорондын зээлийн хүү ихээхэн хэлбэлзэж байгаа зэрэг нь зарим эрсдлийг дагуулж мэдэхээр байна. Үүнтэй зэрэгцээд тус улсын удирдлагууд урт хугацааны, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн шинэчлэлтүүдийг эхлүүлээд байгаа юм. БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс мэдээлснээр тус улсын эдийн засаг 2013 онд 7.6 хувиар өссөн байж магадгүй байгаа ажээ. Бодит үзүүлэлт ингэж гарвал энэ нь сүүлийн 14 жилийн хамгийн тааруу үзүүлэлт болох юм. Тус улсын орон сууцны зах зээлтэй холбоотой мэдээллээс харахад өнгөрсөн сард шинэ орон сууцны үнэ сүүлийн нэг жилд байгаагүй их хэмжээгээр өссөн байна. БНХАУ-ын томоохон хотуудын удирдлагууд үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хяналтыг чангатгаад байсан ч энэ нь төдийлөн өндөр үр дүнтэй байгаагүйг хамгийн сүүлд гарсан үзүүлэлт баталлаа. Үл хөдлөх хөрөнгийн хамгийн том вэбсайтыг эзэмшигч “SouFun Holdings” -ийн мэдээлснээр 12 дугаар сард шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өсч 10 мянга 833 юань буюу 1789 ам.доллар болсон байна. Харин сарын өсөлтийг харвал, орон сууцны үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсчээ. “SouFun Holdings” компанийн судалгаа явуулсан хамгийн том 10 хотоос Бээжин болон Гуанжоу хотод шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 28 орчим хувиар өсчээ. Харин Тианжинд хамгийн бага буюу 6.1 хувиар өссөн байна. Гэхдээ өнгөрсөн сард БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Хурлаас гаргасан мэдэгдэлд үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг онцлон дурдаагүй юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com