Хятадын эдийн засаг удааширч байгаа шинж тэмдэг илэрсэн байна
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “China beige book international”-ийн судалгаагаар БНХАУ-ын хэмжээнд энэ оны хоёрдугаар хагаст шинээр зээл авах хүсэлтэй компаниудын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд шинээр зээл авах хүсэлтэй компаниудын тоо өмнөх улирлаас 13 хувиар буурч нийт компаниудын 38 хувьд хүрсэн байна. Харин нөгөө талаасаа зээл олгоход бэлэн байгаа банкуудын тоо 10 хувиар өсч, нийт банкуудын 45 хувь болжээ. Эдийн засагчдын дүгнэж байгаагаар энэ нь удааширч буй эдийн засгийн тод шинж тэмдэг болж байгаа аж. Дээрх судалгааг бүтэн жилийн турш нийт найман бүсэд хуваасан хоёр мянга гаруй банк болон компаниудын дунд хийсэн учраас сүүлийн нэг жилийн зах зээлийн байдлыг илтгэж байгааг “China beige book international” төвөөс онцолсон байна. Энэ удаагийн судалгаанд тэмдэглэснээр урд хөршийн жижиглэн худалдааны салбарын орлогын хэмжээ үйлчилгээний салбартай адил багассаар байгаа аж. Түүнчлэн тус салбарууд үйл ажиллагаагаа тэлж, шинээр зээл авахад нь банкуудын зээлийн өндөр хүү чөдөр тушаа болсоор байгаа ч судалдгаанд дурджээ. Учир нь банкуудын дундаж зээлийн хүү хоёрдугаар улиралд 7.1 хувьтай байгаа нь өмнөх улирлаас 34 нэгжээр өссөн үзүүлэлт болсон байна.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com