Хятадын томоохон хотуудад орон сууцны үнэ өссөөр байна
БНХАУ-ын томоохон 66 хотод шинэ орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад өсчээ. Тухайлбал Шанхайд шинэ орон сууцны үнэ аравдугаар сараас 0.6 хувиар өссөн бол 2012 оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Бээжинд 11 дүгээр сард шинэ орон сууцны ханш өмнөх сарынхаас 0.5 хувиар өссөн бөгөөд 2012 оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувийн өсөлт ажиглагдсан байна. Хуучин орон сууцны ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Бээжинд 20.1 хувиар, Шанхайд 13.7 хувиар өсчээ. БНХАУ-д орон сууцны үнэ сүүлийн хэдэн сар дараалан хурдацтай нэмэгдэж байгаа юм. Энэхүү үнийн хөөрөгдлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөх хөрөнгөд нэмэлт татвар ногдуулах болсон байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сараас Бээжинд хоёр дахь орон сууцаа худалдан авч байгаа тохиолдолд урьдчилгаа хөрөнгийг нь 70 хувь болгож нэмэх бодлого хэрэгжүүлжээ. Харин 11 дүгээр сараас Шинжин, Шанхайд энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүгээр дамжуулан орон сууцны эрэлтийн хөөрөгдлийг зогсоохоор оролдож байгаа ажээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com