Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж, 1.5-1.75 хувьд хүргэв
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж, 1.5-1.75 хувьд хүргэлээ.
Энэ нь 1994 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсгөсөн тохиолдол болж байна. Түүнчлэн үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор цаашид ч бодлогын хүүг 50-75 суурь нэгжээр өсгөх дохиог зах зээлд өглөө.
Инфляц хэрэглэгчдийн зарцуулалтад сөргөөр нөлөөлж, Холбооны Нөөцийн банк илүү эрчимтэй хариу арга хэмжээ авч байгаагаас үүдэн 2023 оны дунд үеэс АНУ-ын эдийн засаг агших магадлалтай байна гэж “Wells Fargo” компанийн шинжээчид тооцоолжээ.
Харин АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл “Зөөлөн газардах боломж байгааг илэрхийлсэн, гэхдээ энэ нь тийм ч амар байхгүй" гэж тодотгов. Мөн эдийн засаг агших нөхцөл байхгүй байгааг тэрбээр онцоллоо.
2023 онд эдийн засгийн уналтаас сэргийлэхэд улам хүндрэлтэй байхаар байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“Бидний харж байгаа зүйлийг товчхон дүгнэвэл хэрэглээ талаасаа шилжилт үргэлжилж байна. Зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаа. Гэхдээ ерөнхийдөө зарцуулалт маш өндөр байна. Хэрэглэгчдийн санхүүгийн чадамж маш сайн байна. Эдийн засаг өргөн хүрээнд саарах шинж алга. Хүмүүс энэ талаар их ярьж байна. Хэрэглэгчдийн итгэл маш доогуур түвшинд байгаа. Тэр нь шатахууны үнэтэй холбоотой. Мөн магадгүй зарим хэсгийнх нь хувьд хувьцааны ханш нөлөөлж байгаа. Гэхдээ бидний харж байгаагаар, эдийн засаг өргөн хүрээнд саарахгүй. Ажлын байрны өсөлт удааширсан ч боломжийн өндөр түвшинд байна. Эдийн засаг саарч байгаа ч эрүүл өсөлтийн түвшинд байна” гэж мэдэгдлээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com