Хойд хөршийн инфляцийн түвшин тогтворжиж эхэллээ
ОХУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлт хоёр сар дарааллан саарсны эцэст өнгөрсөн сараас тогтворжсон байна. Тодруулбал, долдугаар сард сүүлийн найман сарын хамгийн доод түвшиндээ хүрээд байсан ОХУ-ын инфляци наймдугаар сард 0.1 хувиар өссөн гэж тус улсын Холбооны статистикийн албанаас мэдээлжээ. Энэ нь 2012 оны мөн үетэй харьцуулбал 6.5 хувиар өссөн дүнтэй байгаа болохыг ОХУ-ын Холбооны статистикийн албанаас онцолсон байна. Ийнхүү тус улсын инфляцийн түвшин тогтворжсоноор Оросын Төв банк бодлогын хүүгээ бууруулах шаардлага давхар багасч байгаа аж. Учир нь ОХУ нэг жилийн хугацаанд инфляцийг 5-6 хувьд барина гэж төлөвлөж байсан ч бодит дүн уг үзүүлэлтээс өндөр байгаа нь тус улсын Төв банкнаас төлөвлөж байсан мөнгөний зөөлөн бодлогыг хойшлуулахад хүргэжээ. Үүнээс өмнө буюу лхагва гарагт ОХУ-ын төв банкны тэргүүн Эльвира Набиуллина “Itar-Tass” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бодлогын хүүг аажмаар бууруулахын тулд бодлого төлөвлөгчид инфляци буурахыг хүлээж байна” гэж мэдэгдэж байжээ. Харин “ING Group”-ийн ОХУ-ыг хариуцсан ахлах эдийн засагч Дмитрий Полевой “Долдугаар сард татварын зохицуулалтыг нэмэгдүүлснээс гадна рублийн ханш сул байгаа нь инфляци тогтворжиход хүргэлээ” гэж дүгнэсэн байна. Мөн тэрбээр ОХУ-ын инфляци есдүгээр сард 5.6- 5.7 хувьд хүрвэл энэ сарын 13-нд болох Төв банкны бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах боломжтой гэдгийг онцолжээ.
Г.Ану
Холбоо барих: Anu.g@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com