Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулийг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөнө. Хуулийн төслийг баталснаар Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж сайтай хилийн 24 боомтыг нэгдсэн захиргаатай болгож, ажлын уялдаа холбоог нь сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар мөн дагалдах хуулиудын төслийг баталсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 46 хилийн боомт байгаагийн 26 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 13 нь өмнөд хил дээр байрлаж байгаа бол дөрөв нь агаарын замын боомт байгаа аж. Харин 12 хилийн боомт байнгын үйл ажиллагаатай байгаа талаар Хил Хамгаалах Ерөнхий газраас мэдээлж байна. Үүнээс гадна импортын улаан буудайг гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас ирэх оны зургадугаар сарын нэгнийг хүртэлх хугацаагаар чөлөөлөхийг хэлэлцэхийг дэмжлээ. Өнгөрсөн онд Монгол Улс импортын буудайг оруулан тооцвол нийт 349 мянган тонн улаанбуудайн нөөцтэй байжээ. Харин одоогоор 265 мянган тонн улаанбуудай нөөцөлсөн нь жилийн хэрэгцээгээ хангахад 100 мянган тонноор дутах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт Малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүллээ. Нэмэлт өөрчлөлтөөр алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх асуудлыг тусгаад байгаа юм. Хуулийн төслийн дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авсан арилжааны банк Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд нөөц ашигласны төлбөр нь 2.5 хувьтай байхаар тусгажээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com