ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Олаф Шольцын нам тэргүүлж байна
Есдүгээр сарын 26-нд буюу ням гарагт болсон ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн урьдчилсан дүн гараад байна.
Урьдчилсан дүнгээр Олаф Шольцын тэргүүлдэг Социал Демократ нам 213 суудал, Армин Лашетын Христийн Ардчилсан холбоо эвсэл 200 суудал авч ойролцоо дүнтэй байна. Харин Ногоон нам 121 суудлаар гуравдугаарт явж байна. 371 буюу түүнээс дээш суудлаар олонх гэж тооцогдоно. Бундестагийн сонгуульд олонх болсон нам, эвслийн тэргүүн тус улсын Канцлер болж, Ангела Меркелийн 16 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Одоогоор Социал Демократ намын Олаф Шольц хамгийн өндөр магадлалтай байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад эвслийн Засгийн газар байгуулагдах нь ойлгомжтой болоод байна. Социал Демократ нам, Ногоон нам, Чөлөөт Демократ намаас бүрдсэн 420 суудалтай эвслийн Засгийн газар, эсвэл Христийн Ардчилсан холбоо эвсэл, Ногоон нам, Чөлөөт Демократ намаас бүрдсэн 407 суудалтай Засгийн газар бүрдэх магадлал хамгийн өндөр байгааг ажиглагчид онцолж байна. Эвслийн Засгийн газар байгуулагдах явц 2022 он давах магадлалтай гэсэн таамаг бас байгаа юм.
Үүнээс өмнө 2017 онд болсон сонгуулиар Ангела Меркель өөрийн дөрөв дэх буюу сүүлийн танхимаа бүрдүүлэх гэж зургаан сар орчим болж байв. Шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлтэл Засгийн эрхийг Ангела Меркель барина. Энэ удаагийн сонгуулиар Христийн Ардчилсан холбоо эвсэл сүүлийн 45 жилд хамгийн бага санал аваад байгаа юм.
Б.Юмжир
Холбоо барих: yumjir.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com