Хар салхинд өртөгсдөд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна
Гадаад улсуудын Засгийн газруудын тусламж, олон улсын байгууллагуудын туслалцаатайгаар “Хайян” хар салхинд өртсөн иргэдэд хоол хүнс, ундны ус хүрэлцээтэй байгаа ч эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байгаа талаар Филиппиний Засгийн газар мэдээллээ. Гамшгийн гол төв болсон Таклобан хотод ердөө хоёр эмнэлэг ажиллаж байгаа нь эмнэлгийн тусламжийн үйлчилгээг иргэдэд хангалттай хүргэж чадахгүй байгаа ажээ. Түүнчлэн хар салхи болсноос хойш 10 хоног өнгөрч байгаа хэдий ч одоог хүртэл зарим арлууд дээр шуурганд өртсөн иргэдтэй холбоо барьж чадаагүй, тусламж хүргэж чадахгүй байгаа асуудалд анхаарал тавих хэрэгтэй байгааг НҮБ-аас онцоллоо. Харин Дэлхийн банк “500 сая ам.долларыг сэргээн босголтын ажилд зарцуулна” гэдгээ мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр “Хайян” хар салхины уршгаар Филиппинд 4460 хүн амь насаа алдаж, 18 мянга 175 хүн гэмтэж бэртэн, 1602 хүн сураггүй болоод байна. Үүнээс гадна 500 мянга орчим хүн орон гэргүй болжээ.
Б.Энхболд
Холбоо барих: enkhbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com