Урьдчилсан мэдээллээр инфляцийн түвшин тогтвортой байна
Үндэсний статистикийн хорооны долдугаар сарын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсээс тооцсон хэрэглээний үнийн улсын индекс 4.9 хувьтай гарчээ. Энэ жилийн хувьд инфляцийн түвшин 2011 оныхтой харьцангуй ижил харагдаж байгаа ч өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин бага буюу тав орчим пунктээр доогуур хэвээр байгааг онцолж болохоор байна. Өнгөрсөн зургадугаар сарын хувьд инфляцийн сарын өөрчлөлт бууралттай буюу өсөлтийн хурд саарсан нь анхаарал татаж байсан юм. Ийнхүү инфляци бууралттай гарахад индекст голлох жинг дардаг хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараасаа буурсан нь голлох нөлөөг үзүүлж байлаа. Харин долдугаар сарын тухайд үндэсний баяр наадам тохиодогтой холбоотойгоор хүнсний үнэд тодорхой өсөлт гарсан байж магадгүй гэж харж болохоор байна. Гэсэн хэдий ч зургадугаар сард бий болсон нэг оронтой жилийн инфляци долдугаар сард ч хэвээр хадгалагдана гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Үүнээс гадна 21 аймгийн хувьд урьдчилсан байдлаар Хэнтий аймагт хэрэглээний үнийн индекс өөрчлөгдөөгүй ч бусдад нь хөдөлгөөн гарсан байна. Тодруулбал, найман аймагт индекс өмнөх сараас урьдчилсан байдлаар буурсан ба Дархан-Уул аймагт нэг орчим хувиар буурсныг онцолж болох юм. Мөн баруун аймгууд болох Ховд, Завханд 0.4 хувийн бууралт харагдаж байгаа ч бусад аймгуудад эсрэгээрээ индекс урьдчилсан байдлаар өсөлттэй байна. Тухайлбал, Говь Алтай аймагт хамгийн өндөр болох 3.7 хувийн өсөлт гарсан бол Булган, Баянхонгор аймагт 1 орчим хувийн өсөлт ажиглагджээ.
Б.Батманлай
Холбоо барих: Batmanlai.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com