Улс төрийн тогтворгүй байдал Туркийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөнгүй
Энэ оны хоёрдугаар улиралд Туркийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсч 189 тэрбум ам долларт хүрсэн талаар тус улсын Статистикийн газраас мэдээллээ. Энэ нь Турк улсын эдийн засаг 14 улирал дараалан өсөлтөө хадгалж чадсан үзүүлэлт болж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр улиралд 2.9 хувиар өссөн Туркийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёрдугаар улирлын дүнтэй харьцуулж үзвэл 3-6 дугаар сарын хооронд тус улсын эдийн засгийн өсөлт эрчээ авсан байна. Ийнхүү тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчээ авахад үйлдвэрлэлийн салбарт гарсан өсөлт голлох нөлөөг үзүүлжээ. Тухайлбал, хоёрдугаар улиралд Туркийн үйлдвэрлэлийн салбар 5.7 хувиар өсч 30 тэрбум ам. долларт хүрсний зэрэгцээ, хэрэглэгчдийн болон засгийн газрын зардал нэмэгдсэн байна.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: Nyamgerel.j@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com