Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил ирэх онд эхэлнэ
Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил ирэх 2014 оноос эхэлнэ гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Одоогоор эдгээр 52 байршилд өмчлүүлэх газрын нөөцийг тогтоох ажлыг хийж дуусгаад байгаа юм. Энэ нь Улаанбаатар хотод шинээр 15 мянга 309 га газрыг өмчлүүлэх нөөц бөгөөд урьдчилсан тооцоогоор нийслэлийн 150 мянган иргэнд газар өмчлүүлэхэд хүрэлцэхээр байгаа ажээ. Газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авдаг болоод байгаа бөгөөд ингэснээр гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж бүрдэж байна.Түүнчлэн 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор иргэдэд зуслангийн зориулалттай газар өмчлүүлэх шийдвэр гарсныг 2014 оноос хэрэгжүүлнэ. Энэхүү ажлын хүрээнд ойролцоогоор 30 мянга гаруй иргэн газраа өмчилж авах боломжтой болох юм. 2003 он буюу газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 110 мянга гаруй иргэн 0.07 га газраа өмчилж авчээ. Үүнд гэр хорооллын иргэдийн 96 хувь нь тухайн байршилдаа газраа өмчилж авсан байна. Хэдийгээр газраа өмчилж авсан иргэдийн тоо Нийслэлийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа боловч газар өмчлүүлэх ажил 2013 онд эрчимжсэн гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com