Улаанбаатарт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ IV сард өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь өмнөх сараас 2.9 хувиар өссөн байна.
Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатарын инфляц 15.8 хувьд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл өсөлт үргэлжилж байгаа ч гэсэн ч саарч байгааг харж болохоор байна. Ялангуяа хүнсний бүлгийн үнийн өсөлт 17 хувь даваад байсан бол энэ түвшнээс доошилж саарчээ.
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.9 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 18.9 хувиар, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 10.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2382 төгрөг болж, өмнөх сараас 0.03 хувиар буюу нэг төгрөгөөр өсжээ. Хэдий тийм боловч Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг "тэглэх" зэрэг арга хэмжээ авч байгаа юм.
Энэ сарын эхний байдлаар шатахууны нөөц хэвийн буюу 45 хоногийн нөөцтэй байна. Монгол Улс шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болоод байгаа юм. Ингэснээр АИ-92 бензин 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцолж байв.
Олон Улсын Валютын Сан сүүлийн судалгаандаа дурдахдаа инфляц Монгол Улсад 2022 онд дунджаар 14.5 хувьтай байна гэж тооцоолоод байна. БНХАУ-ын хилийн хязгаарлалт тооцоолсноос удаан үргэлжилснээр экспорт болон дотоодын компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Эдийн засгийн бодит өсөлт саарахтай зэрэгцэн ОХУ Украины дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдож, дотоодод бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Хэрэв эдгээр асуудал энэ оны эцэст намжвал дунд хугацаанд эдийн засаг сэргэхээр байгаа гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тодотгож байна.
Нөгөө талаас Монгол Улсад стагфляцын эрсдэл өндөр байгааг Олон Улсын Валютын Сан анхааруулсаар байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com