Төрөөс иргэний нисэхийн салбарт хийх ажлын төлөвлөгөөг батлав
"Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас батлаад байна. Энэхүү бодлогод тусгасан 19 зорилтын хүрээнд 28 ажил хийхээр төлөвлөжээ. Үүнд олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, протоколуудад нэгдэх, шинээр эрх зүйн зохицуулалт бий болгох, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд батлах ажлууд багтсан байна. Мөн төлөвлөгөөнд иргэний нисэхийн салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл, тусламж, нөхөн олговор олгох зэрэг асуудлуудыг тусгажээ. 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын 18 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын хүрээнд Монгол Улс байршлын давуу талаа ашиглан, олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа буюу Hub-тай болох зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжихийн зэрэгцээ аялал жуулчлал, агаарын тээврийн ложистик хөгжих суурь тавигдах юм. Мөн олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн үнэ буурна гэж тооцолж байгаа ажээ. Хоёр үе шаттайгаар хэрэгжих энэхүү ажлын хүрээнд 2016 он хүртэл агаарын тээврийн салбарыг төрийн хяналтад байлгаж, 2016-2020 онд бага зэргийн хөнгөлөлт үзүүлж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд аажмаар шилжих замаар иргэний нисэхийн хөгжлийг төлөвлөж байна. 2016 он хүртэл төр иргэний агаарын тээврийн салбарыг өөрийн хяналтад байлгаж хөгжлийн түвшинг ахиулан, салбараа бэхжүүлсний дараа 2016-2020 онд Төрийн оролцоо, хяналтыг багасгана гэж Зам, тээврийн сайд А.Гансүх мэдээлсэн юм. 2020 оноос хувийн болон төрийн өмчит компани чөлөөт өрсөлдөөнд нээлттэй орох боломж бүрдэх ажээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com