Түүхий тосыг Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтоор экспортолно
Дорнод аймгийн Халхгол болон Матад сумын нутагт орших Тосон-Уулын XIX, Тамсагийн XXI талбайгаас олборлож байгаа түүхий тосыг Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтоор экспортолж байх асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Тосон-Уулын XIX, Тамсагийн XXI талбайгаас олборлосон түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтоор экспортолж, цааш нь БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргээд цааш нь шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байна. Тиймээс энэхүү шат дамжлагыг цөөлөх үүднээс Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолж байхаар болжээ. Мөн Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210.7 км хатуу хучилттай автозам барихаар болсон байна. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэх ажээ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо Монгол Улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих:narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com