Рублийн ханш 2016 оны 3-р сараас хойш байгаагүй бага түвшинд хүрч суларлаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 10 19:37
Газрын тосны үнэ 1991 оноос хойш байгаагүй хэмжээгээр буурсны дараа рублийн ханш 2016 оны гуравдугаар сараас хойш байгаагүй сул түвшинд хүрч суларлаа. Гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын үндэсний баярын өдөр байсны улмаас өчигдөр арилжаа хийгдээгүй юм.
- Рублийн ханш 5 хувиар суларч, нэг ам.доллар 72.1525 рубльтэй дүйж байна. Харин түүхий газрын тосны үнэ эргэн 7 хувь өсөж, баррель тутамдаа 36.76 ам.доллар боллоо. Даваа гарагт түүхий газрын тосны үнэ 24.1 хувь огцом суларсан юм.
- ОХУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 57 суурь пунктээр өсөж, 7.03 хувь болсон. Энэ нь өнгөрсөн 10-р сараас хойш байгаагүй өндөр түвшин юм.
- Хойд хөршийн хөрөнгийн биржийн IMOEX индекс 10.4 суларч, 2019 оны нэгдүгээр сараас хойш хамгийн сул түвшин рүү буусан байна. Биржид бүртгэлтэй хувьцаануудаас Lukoil, Tatneft, Rosneft компаниудын хувьцааны ханш арилжаа нээгдмэгц 13 хувь буурсан нь хамгийн тааруу гүйцэтгэлтэй үнэт цаасаар нэрлэгдэж байна.
Энэхүү мэдээг бэлтгэсэн сурвалжлагчтай дараах хаягаар холбогдоорой:
Г.Ану | anu.g@bloombergtvmongolia.com | Twitter: @AnuHarchu
2020-03-10 19:37
61509
BBJAX