“Оюутолгой” төслийн асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт VI сард гарах хүлээлттэй байна
Төрийн тэргүүнээ сонгох сонгууль болж буй энэ үед Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны чухал илэрхийлэл болж байдаг “Оюутолгой” төслийн явц анхаарлын төвд хэвээр байна.
“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшилсонтой холбоотойгоор Засгийн газар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт зургаадугаар сард гарах хүлээлттэй байгаа юм. Тодруулбал: бүтээн байгуулалтын зардал өмнөх тооцооллоос 1.4 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж, 6.75 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сар болсон юм. Энэ төлөвлөгөөгөөр 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоололтой байна.
Холбогдох яриа хэлэлцээг эхлүүлж, “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болдоор ахлуулсан баг Монголд ирж, дөрөвдүгээр сарын 12-нд анхны биечилсэн уулзалт хийсэн юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор “Rio Tinto”-ийн баг буцаж, яриа хэлэлцээ завсардаад байна. Яриа хэлэлцээ сонгуулийн дараа үргэлжилнэ гэж "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” мэдээлж байсан юм.
Үүнээс гадна “Оюутолгой” төсөлтэй холбоотой татварын асуудал анхаарал татаж байна. Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources”-ийг оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм. 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт шүүх хуралдаан болох хүлээлттэй байгаа бол 2023 оны эхний хагаст Арбитрын шийдвэр гарна гэсэн товтой байна.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com