ОХУ-ын төсвийн орлого бүрдүүлэлт их хэмжээгээр тасалдаж магадгүй байна
ОХУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдээллээр тус улсын 2014-2016 оны төсвийн орлого олон зуун тэрбум рублиэр тасрах эрсдэлтэй нүүр тулаад байна. Ийнхүү тус улсын төсвийн орлого буурах болсон гол шалтгаан нь Оросын засгийн газраас 2016 он хүртэл анхаарал татахуйц зарим томоохон банк болон компаниуд дахь төрийн эзэмшлийн хувиа зарахаар төлөвлөсөнтэй холбоотой аж. Учир нь төрийн мэдлийн хувиа зарснаар тус улсын төсөвт ихээхэн орлого орно гэж тооцож байсан ч энэ нь эрсдэлд ороод байгааг Сангийн яамнаас нь албан ёсоор мэдэгджээ. Тухайлбал, 2014 онд төрийн өмчөө хувьчилснаар 230 тэрбум рублийн орлого олно гэж тооцоолж байсан ч 198 сая тэрбумаар тасрах эрсдэлд ороод байна. Түүнчлэн 2015 болон 2016 онуудад төсвийн орлого нь мөн л олон зуун тэрбум рублиэр тасрах магадлалтай байгаа нь 2016 он хүртэлх Оросын засгийн газрын нөөцийн бүрдэлт илт буурахад нөлөөлөхөөр байгаа юм. Хэдийгээр 2016 онд тус улсын засгийн газрын нөөц хөрөнгийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5.8 хувьд хүргэнэ гэж төлөвлөж байсан ч 3.8 хувиас илүү хуримтлагдах боломжгүй гэдгийг Оросын Сангийн яамнаас мэдээллээд байна. Үүнээс гадна нөгөө талдаа Оросын төр чухам ямар хувь эзэмшлээ зарах гэж байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм. Албан мэдээллээр бол Оросын төмөр замын 25 хувийг болон мөн томоохон банкуудын нэг болох “ВТБ” дэх хувь эзэмшлээ бүхэлд нь Оросын төр зарахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Оросын нефть дамжуулалтын 93 хувийг дангаараа хариуцдаг, дэлхийн хамгийн том нефть дамжуулагч Транснефть компанийн 25 хүртэлх хувийг зарахаар болсон нь анхаарал татаж байгаа юм.
М.Түмэннаст
Холбоо барих: Tumennast.m@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com