ОХУ-ын рубль 2022 он гарсаар хамгийн сайн үзүүлэлттэй валютаар тодорлоо
Олон улсын валютууд дундаас ОХУ-ын рубль энэ он гарсаар хамгийн сайн үзүүлэлттэй валютаар тодорлоо. 2022 он гарсаар рубль ам.долларын эсрэг 11 хувиар чангараад байгаа юм.
ОХУ Украинд цэргээ оруулсны дараа барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа хэдий ч рубль Бразилын реалыг ардаа орхиж, 31 гол валют дундаас өсөлтөөрөө тэргүүлжээ. Эдгээр 31 валютын ханшийн мэдээллийг “Bloomberg” нэгтгэн тооцдог юм.
Түүнчлэн юанийн ханш ам.долларын эсрэг дахин нэг орчим хувиар суларснаар 2020 оны есдүгээр сараас хойших доод түвшинд хүрлээ. БНХАУ-ын Төв банк бодлогын хүүг бууруулахаар төлөвлөж байгааг мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгаж байгаа нь юанийн ханш ам.долларын эсрэг сулрахад нөлөөлсөн байна. Энэ улиралд л гэхэд юанийн ханш нийт 6.5 хувиар унаснаар Азийн орнуудын дунд хамгийн тааруу үзүүлэлттэй валют боллоо.
Үүнээс гадна сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын эсрэг суларч, сүүлийн 20 жилийн доод түвшинд хүрээд байсан иений ханш эргэн чангарлаа. Сүүлийн байдлаар иен ам.долларын эсрэг 1.3 хувиар чангарснаар ам.доллартой харьцах ханш нь 128 болсон байна.
Мөн БНСУ-ын воны ханш ам.долларын эсрэг дахин нэг хувиар суларснаар 2009 оны долоодугаар сараас хойших доод түвшинд хүрлээ. Он гарсаар воны ханш 7.7 хувиар унасан байна. Ингэснээр Азийн гол валютуудаас хамгийн тааруу үзүүлэлттэй нь болж байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com