ОХУ-ын Засгийн газар ирэх гурван жилийн төсвөө танах шийдвэр гаргалаа
ОХУ-ын Засгийн газраас эдийн засгийн нөхцлийг харгалзан үзэж, ирэх гурван жилийн төсвөө танах шийдвэр гаргалаа. Төсвөө танах энэхүү алхам нь тус улсын хууль тогтоогчид эдийн засгийн нөхцөл ойрын хугацаанд сайжрахгүй гэж үзэж байгааг баталгаажуулсан хэрэг болсон байна. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас эдийн засгийг дэмжих өөр алхмуудыг эхлүүлэхэд бэлэн байгааг илтгэж байгаа аж. ОХУ-ын Засгийн газар хэрэглээнд тулгуурласан эдийн засгаас шилжих бодлого баримтлахаар болоод байна. Тус улсын Сангийн яамны тооцоолсноор, төсвийн орлого 2014 онд 3.5 хувиар, 2015 онд долоон хувиар буурах хандлагатай байна. Ингэснээр ирэх 2014 онд төсвийн орлого бүрдэлт 13.6 их наяд рубль, зарлага 13.9 их наяд рубль байх бол, 2015 онд 14.5 их наяд рублийн орлого бүрдүүлж, 15.4 их наяд рублийн зарлага гаргахаар тооцоолжээ. Ийнхүү ОХУ ирэх гурван жилийн төсвөө алдагдалтайгаар төлөвлөсөн байна. Төсвийн шинэ төслийн дагуу батлан хамгаалах ажилтнуудын цалинг ирэх жилээс нэмэхгүй байхаас гадна Засгийн газар тэтгэврийн санг танах бодлого баримтлах ажээ. Тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Энэ удаагийн төсөвт улс орон, олон улсын эдийн засгийн бодит нөхцлийг тусгасан маш хатуу төсөв болсон" гэж мэдэгдсэн байна. ОХУ төсвөө гурван жилд нэг удаа баталдаг юм.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com