ОХУ хөл хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээгээ IV сарыг дуустал сунгав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөл хөдөлгөөн хязгаарлалтын арга хэмжээгээ энэ сарыг дуустал сунгалаа. Тэрбээр сүүлийн долоо хоногт хоёр дахь удаагаа олон нийтэд хандаж, мэдэгдэл хийсэн байна.
Мэдэгдлийнхээ үеэр "Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт олон улсад төдийгүй ОХУ-д оргил цэгтээ хүрээгүй байгаа"-г анхааруулсан байна. Түүнчлэн "Москва болон бусад газруудад нөхцөл байдлыг хяналтдаа авч чадаагүй байгаа"-г ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ.
ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол нэг шөнийн дотор 771-ээр буюу 28 хувиар нэмэгдэж, 3.5 мянга хүрээд байна. Харин нас баралт зургаагаар нэмэгдэж, 30 болжээ.
Үүнээс гадна пүрэв гарагт Москва хотын захирагч тусгаарлалтын арга хэмжээ зөрчсөн хүмүүст 5000 рубль буюу 63 ам.долларын торгууль ногдуулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Эрсдэл байсаар байгаа гэдгийг бид ойлгох шаардлагатай. Вирусийн шинжээчдийн мэдээлснээр цар тахал дэлхийд, мөн ОХУ-д ч оргил үедээ хүрээгүй байна. Үүнийг бодолцон хөл хөдөлгөөн хязгаарлалтын арга хэмжээг энэ сарыг дуустал буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргаж байна. Зарим бүсүүдэд шинэ төрлийн “коронавирус”-ийн нөхцөл байдал иргэдэд ноцтой эрсдэл учруулж байна. Тухайлбал: Москвад хэдийгээр хот, захиргааны албаныхан арга хэмжээ авч байгаа ч нөхцөл байдлыг хараахан хяналтдаа авч чадахгүй хэвээр байна” гэж мэдэгдлээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com