ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 4 өдөр дараалан 10 мянгаар нэмэгдэж, 165 мянга давав
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол дөрөв дэх өдрөө дараалан 10.5 мянгаар нэмэгдэж, 165 мянга давлаа.
Зургийг: euronews.com
Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногоос нийслэл хотынхоо хэмжээнд үйлдвэрүүдийг эргэн нээж, барилгын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Хэдий тийм боловч хязгаарлалтыг хэт яарч сулруулах ёсгүйг анхааруулжээ. Түүний рейтинг 59 хувь болж түүхэн доод түвшинд хүрээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Одоогийн нөхцөл байдалд үйлчилгээний салбарын компаниудыг эргэн үйл ажиллагаанд оруулах боломжгүй. Хэдий тийм боловч аж үйлдвэрийн салбарын бүх үйлдвэрүүд, барилгын ажлыг эргэн эхлүүлэх боломж бүрдсэн. Үүнийгээ гэхдээ эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч хийх шаардлагатай. Сүүлийн үед бид оношилгооны хурдыг нэмэгдүүлсэн. Халдварын тохиолдол нэмэгдсэн. Энэ нь гэхдээ халдварын тархалтын хурдыг шууд тодорхойлохгүй. Эн тэргүүнд оношилгоо, шинжилгээг эрчимтэй явуулж байгаагийн илэрхийлэл болж байгаа юм” гэж мэдэгдлээ.
Бразилд халдварын тохиолдол 11 мянга гаруйгаар буюу огцом нэмэгдсэн бол Энэтхэгт 3.5 мянгаар, Сингапурт 800 орчмоор нэмэгдлээ. Филиппинд 10 мянга даваад байна.
Харин АНУ-д халдварын тохиолдол 1.9 хувиар нэмэгдлээ. Калифорнид энэ үзүүлэлт өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн байна. “Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь АНУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт эрчимжиж байгаагийн илэрхийлэл биш” гэж Нью-Йоркийн захирагч мэдэгджээ. Мөн АНУ-ын жижиг бизнесүүдийн тэн хагас нь зургаан сарын дотор үүдээ барих магадлалтай гэсэн шинэ судалгаа гарсан байна.
Их Британид нас баралт 30 мянга давлаа. Энэ нь Европт хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тус бүс нутгийн хэмжээнд хөл хорионы арга хэмжээг ирэх даваа гарагаас сулруулахаар төлөвлөж байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн юм. Францад нас барсан шинэ тохиолдол гурван өдрийн доод түвшинд хүрлээ. Герман, Дани улс хязгаарлалтын арга хэмжээг сулруулах чиглэлд нэмэлт алхмууд хийхээр төлөвлөж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “COVID-19”-ийн үүсэл гарлыг тогтоохоор БНХАУ руу тусгай баг илгээх талаар судалж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн сайн дурынханд шинэ төрлийн “коронавирус”-ийг зориуд халдаах нь вакцины туршилтыг хурдасгах магадлалтай гэж тус байгууллага үзэж байгаа юм байна. Хэдий тийм боловч нөхцөл байдал хэт хүндэрсэн үед тодорхой хамгаалалттайгаар ийм туршилт хийх асуудлыг судалж болно гэж НҮБ мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 3.8 сая (3,819,684), эндсэн 264 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 1.3 сая орчим хүн эдгэрчээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com