Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн Нийтийн тээврийн санг байгуулахаар болж, дэд хөтөлбөрийг баталжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус худалдан авсан байна. Харин эдгээр автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй аж. Тодруулбал төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөр парк шинэчлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-г байгуулсан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, захиран зарцуулах байдал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа гэж холбогдох газраас мэдээллээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгооор “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэж онцолсон. Үүнээс гадна нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэх сангийн 20 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байна. Одоогийн байдлаар 600 гаруй хуучирсан том оврын автобус иргэдэд үйлчилж буй аж. Харин худалдан авахаар төлөвлөж байгаа залгаа автобус нь олон хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдгийг албаныхан дуулгасан.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com