Нийслэлийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулжээ
Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор өнгөрсөн баасан гарагт нийт 2.1 сая тун вакциныг ОХУ болон БНХАУ-аас хүлээн авсан. Вакцинжуулалт үргэлжилж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлж байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 297 мянга 767 малыг вакцинжуулахаар төлөвлөсөн. Харин хамгийн сүүлийн буюу Нийслэлийн Мал эмнэлгийн газрын гуравдугаар сарын 2-ны мэдээллээр нийслэлийн есөн дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт вакцинжуулалтад хамрагдсан малын тоо, толгой хоёр сая 278 мянга гаруйд хүрчээ. Харин шүлхийн тархалтын хувьд энэ даваа гарагийн байдлаар Сүхбаатар аймагт 17, Дорноговь аймагт долоо нийт 24 үхэр өмнөх өдрөөс нэмж өвчилснийг устгаж, 1928 малыг нэмж вакцинжуулсан байна. Түүнчлэн ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн зургаан сум, Дорноговь аймгийн таван сум, Хэнтий аймгийн нэг суманд нийт 3165 үхэр шүлхийгээр өвчилснийг устгалд хамруулжээ.
Н.Хонгорзул
Холбоо барих: Khongorzul.n@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com