Нийслэлийн хэмжээнд махны үнэ харьцангуй тогтвортой байна
Улаанбаатар хотын хүнсний захуудаар худалдаалж буй махны үнэ өнгөрсөн сарын эцсээс буурсан дүнтэй гарсан болохыг Үндэснийн статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, Бөмбөгөр худалдааны төвд борлогдож байгаа үхрийн ястай махны үнэ хамгийн их буюу өнгөрсөн сарын эцсээс 10.3 хувиар буурч килограмм бүр нь 8,500 төгрөгт хүрчээ. Түүнчлэн энэ удаагийн статистик үзүүлэлтээс харахад Хар хорин зах дээр худалдаалагдаж буй хонины ястай махны үнэ сүүлийн гурван долоо хоногийн турш буурч 6,300 төгрөгт хүрсэн нь хамгийн хямд үнэд тооцогдож байна. Харин хонины цул махны хувьд худалдааны төвөөсөө шалтгаалан энэ сарын эхний долоо хоногт 2.5-3.7 хувиар буурч 7500-7800 төгрөгийн хооронд хэлбэлзсэн хэвээр байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл Хүчит шонхор зах дээрх махны үнэ бусад худалдааны төвүүдээс харьцангуй хямд байгаа бол Меркури захын үнэ эсрэгээрээ буюу хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байна. Үүнээс гадна Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт үхэр болон хонины цул махны үнэд ямар ч өөрчлөлт ороогүй ажээ.
Ц.Мөнхжин
Холбоо барих: Munkhjin.ts@bloombergtvmongolia.com